Тектоник мужлал: Хангайн голч нурууны хэвтээ шилжилтийн дагуу: Нуурууд, Дархад, Завхан-Орхон террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]
Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Увс аймгийн төв, баруун нутаг, Завхан аймгийн хойд нутаг, Хөвсгөл аймгийн урд нутаг, Булган аймгийн баруун хойд нутаг;
Бүсийн ерөнхий тойм: Хан-Хөхий, Булнай нурууг бүхэлд нь багтаасан бүс нутаг;
Тектоник шилжилт хөдөлгөөн: Зүүн гарын хэвтээ шилжилттэй Хангайн гол хагарлын дагуух Хан Хөхийн гүний хагарлын бүстэй салшгүй холбоотой Булнай хагарлын зүүн бүсэд хийгдсэн судалгаагаар хожуу плейстоцен-голоцены цаг үеийн дундаж хэвтээ шилжилтийн хурдыг 3.1±1.7 мм/жил гэж тогтоогдсон. Түүнчлэн, палеосейсмологийн судалгаагаар 1905 оноос өмнөх 2 удаагийн газар хөдлөлүүдийн ул мөрийг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн давтагдах хугацаа ~2700-4000 жил гэж тогтоогдсон.
Идэвхтэй хагарлууд: Хан Хөхий; Булнай; Зүүн нуур; Баян-Агт & Хутаг.
Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Булнай
Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:
Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт нэн хүчтэй газар хөдлөлт (1905/07/09, Mw=8.0) болсон, түүнээс 14 хоногийн дараа уг голомтын бүсийн зүүн нутаг Завхан аймгийн Хан Хөхий, Булнайн нуруунд (1905/07/23, Mw=8.3) сүйрэлд хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна. Эдгээр газар хөдлөлтүүд нь түүхэнд Цэцэрлэг болон Булнайн газар хөдлөлтүүд гэж нэрлэгддэг. Цэцэрлэгийн газар хөдлөлтөөр газрын гадаргууд үүссэн хагарал нь Ойгон нуураас эхлэн зүүн хойшоо чиглэн Тэсийн голын хөндийг дайран, Алтан хөхийн нурууг даван, Агарын голын эх хүртэл үргэлжилсэн байдаг. Булнайн газар хөдлөлтөөр үүссэн Хангайн голч хагарлын дагуу газрын гадаргууд тасралтгүй үргэлжилсэн урт хагарал нь Сангийн далайн нуураас эхлэн баруун зүгт Хан хөхийн нурууны дунд бие хүртэл 370км урт үргэлжилнэ [Хилько.,1985]. Цэцэрлэгийн голомтод (1967 оны 06-р сарын 07, Ml=5.0), Булнайн голомтод 1991/05/27, Ml=5.0 хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Хамгийн сүүлд Цэцэрлэгийн хойд бүсэд 2020/10/14, Ml=3.5 мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болсон байна.